ASDIP хөтөлбөрийг дараах олон улсын хөгжлийн түншүүдийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.
Азийн Хөгжлийн Банк (АХБ)
Азийн Хөгжлийн Банк (АХБ) нь Ази, Номхон далайн бүс нутгийн ядуурлыг бууруулах, хүртээмжтэй, тогтвортой болон эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжих зорилготой олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм. Монгол Улс 1991 онд Азийн хөгжлийн банк (АХБ)-ны гишүүн орон болсноос хойш өдгөө 35 гаруй жилийн турш төр болон хувийн хэвшлийн салбарт үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Энэхүү урт хугацааны түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй хамгийн томоохон, стратегийн ач холбогдолтой ажлуудын нэг бол ASDIP буюу “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” бөгөөд төслийн санхүүжилтийн үндсэн эх үүсвэрийг бүрдүүлж байна.
Европын Хөрөнгө Оруулалтын Банк (ЕХОБ)
Европын Хөрөнгө Оруулалтын Банк (ЕХОБ) нь Европын Холбооны урт хугацааны зээл олгогч бөгөөд дэлхийн хамгийн том олон талт хөгжлийн банкнуудын нэг юм. Европын Хөрөнгө Оруулалтын Банк (ЕХОБ) нь 2014 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, нийт 144 сая еврогийн зээл, тусламжийн санхүүжилт олгоод байна. “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” (ASDIP)-ийн хүрээнд хамтрагч санхүүжигчээр (co-financier) оролцож байна.
Европын Холбоо (ЕХ)
Европын Холбоо (ЕХ)-ноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар нь 2017 оноос Улаанбаатар хотод албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Европын Холбоо (ЕХ) нь Европын Хөрөнгө Оруулалтын Банк (ЕХОБ)-аар дамжуулан “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” (ASDIP)-т зориулан буцалтгүй тусламжийн санхүүжилт олгож, ногоон бөгөөд тогтвортой хөгжлийг идэвхтэй дэмжиж байна.
Уур Амьсгалын Ногоон Сан (УАНС)
Уур амьсгалын ногоон сан (УАНС) нь хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжих зорилготой дэлхийн хамгийн том уур амьсгалын санхүүжилтийн механизм юм. Тус сан нь Монгол Улсад 2017 оноос эхлэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж ирсэн бөгөөд одоогийн байдлаар ASDIP хөтөлбөрт буцалтгүй тусламжийн санхүүжилт олгож байна.